Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

АЗИЙН ХОТУУДЫН АРДЫН УРЛАГ, ГАР УРЛАЛЫН НААДАМ БОЛНО

“Asia Folk 2025” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор 2025 оны 06-р сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.
Энэ удаагийн наадамд нийт 11 орны 170 уран бүтээлч оролцож байгаагаас 7 орны (БНСУ, БНЭУ, Саха БНУ, Вьетнам, БНХАУ, Узбекистан, Монгол) 140 уран бүтээлч ардын урлагийн төрөлд өрсөлдөж, харин 6 орны (Япон, БНСУ, Вьетнам, БНХАУ, Саха БНУ, БНЭУ)гар урчууд өөрсдийн бүтээлээр гар урлалын үзэсгэлэнд оролцоно.
Наадмын шүүгчид Йорданы Хашимитын хаант улс, Польш, Узбекистанаас ирэж ажиллана. Хүндэт зочин Малайзаас ирнэ.
Наадмын хүрээнд Д.Сүхбаатарын талбай дээр 6-р сарын 13,14,15,-ны өдрүүдэд ардын урлагийн тоглолтууд, гар урлалын үзэсгэлэн, худалдаа болон воркшоп сургалтууд, азийн улсуудын үндэсний хувцастай парад, үндэсний хувцасны үзүүлэх тоглолт, гадаад, дотоодын уран бүтээлчдийн хамтарсан тоглолтууд зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно.
Тус наадам нь анх 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж байсан бөгөөд 2020-2022 онуудад цар тахлын улмаас цахимаар зохион байгуулагдаж байгаад 2023 оноос эхлэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор зохион байгуулагдаж эхэлсэн.
“Asia Folk 2025” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмын ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газар, хамтран зохион байгуулагчаар Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ“Артлар соёл урлаг” ТББ болон Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци ажиллаж байна.
Зохион байгуулагчдын зүгээс тус наадмыг гадаадын жуулчид хийгээд монголчууддаа азийн улс үндэстнүүдийн соёлын өв, ардын урлагтай нэгэн дор танилцах боломжийг олгодог, Улаанбаатар хотоор овоглосон соёлын үйлдвэрлэл, соёлын аялал жуулчлалын нэгэн том брэнд үйл ажиллагаа болгон жил бүр зохион байгуулж байна.
Энэ дашрамд дуулгахад наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2025 оны 6 дугаар сарын 13-ны 19:30-д Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Холбоо барих