Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia 2022” ​чуулга уулзалт 2 өдөр үргэлжилнэ

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын “Coal Mongolia 2022” ​чуулга уулзалт 2 өдөр үргэлжилнэ

 

Цар тахлын улмаас хоёр жил завсарласан “Coal Mongolia” арга хэмжээ энэ жил 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia 2022” чуулга уулзалт, үзэсгэлэн энэ жил хоёр өдөр үргэлжилнэ. Нүүрсний зах зээлд үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон салбарын яам, нүүрсний зах зээлийн бүхий л оролцогч талууд цуглараад байна.

Чуулга уулзалтын хүрээнд “Австрали, Монгол хоёр улсын нүүрсний экспортын бизнесийн харьцуулалт” сэдвээр Монгол дахь Австралийн Худалдааны танхим илтгэл тавина. Мөн хөрөнгө оруулалт ба хууль эрх зүйн орчин сэдвийг хөндөнө.

Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар чухал орон зай эзэлдэг. Тухайлбал: Дотоодын нийт бүтээгдэхүүний 24 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 76 хувь, төсвийн нийт орлогын 30 орчим хувь, нийт экспортын 80-90 орчим хувийг эрдэс бүтээгдэхүүн бүрдүүлж байна. Оны эхний долоон сарын байдлаар нүүрсний экспорт 3.1 тэрбум ам.доллар хүрээд байгаа бөгөөд 11 сая тонн нүүрс экспортолжээ.

Экспортын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өссөн байна. Боомтуудын үйл ажиллагаа 2020 болон 2021 онтой харьцуулахад сайжирч, үйл ажиллагаа нь харьцангуй жигдэрснээр сүүлийн саруудад нүүрсний экспорт эрчимтэй өсөж байгаа юм.

Сүүлийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтоор нүүрс тээврийн 700 орчим автомашин нэвтэрсэн байна. Энэ нь 2020 оны 11 дүгээр сараас хойших хамгийн дээд үзүүлэлт боллоо.

Экспортод тулгамддаг хамгийн том бэрхшээл бол логистик, дэд бүтцийн асуудал байдаг бөгөөд цар тахлын үед илүү тодорхой болсон юм.

Энэ долоо хоногт Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам бүрэн ашиглалтад орох товтой байна. Төмөр зам ашиглалтад орсноор Тавантолгойн нүүрсний уурхайгаас Гашуунсухайт хүртэл төмөр замаар нүүрсээ тээвэрлэх боломжтой болно. Үүнийг дагаад нүүрсний тээврийн өртөг буурч, жилд 30 сая тонн нүүрс экспортлох тооцоотой байна.

Bloombergtv.mn

Холбоо барих