Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ

    “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь зэс, молибдены хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр бөгөөд жилд 37 сая тонн хүдэр олборлон, 32 сая тонн хүдэр боловсруулж 580.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 5.0 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг.

     “Эрдэнэтийн-Овоо” ордыг анх 1963 онд Чех, Монголын геологичид нээж, уг орд газарт хайгуулын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд үргэлжлүүлэн Зөвлөлтийн геологичид орд газрын нарийвчилсан хайгуулыг богино хугацаанд хийж дуусгасан юм.

     1972 онд “Эрдэнэтийн-Овоо”-ны зэс, молибдены ордыг эзэмших Техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ батлагдсан ба 1973 оны 2 дугаар сарын 20-нд уг ордыг ашиглах талаар /хуучин нэрээр/ БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд түүхэн хэлэлцээр байгуулагдсан.

     Монгол-Зөвлөлтийн хамтарсан уул уурхайн баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр /хуучин нэрээр/ нь БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1973 оны 11 дүгээр сарын 22- ны өдрийн хэлэлцээрийн дагуу анх 50:50 хувийн эзэмшилтэйгээр байгуулагдаж, 1978 оны 12 дугаар сарын 14-нд анхны баяжмалаа гаргаснаар үйл ажиллагаагаа эхэлсэн тэр үеэс XX зууны Монгол Улсын хамгийн том бүтээн байгуулалт болох Эрдэнэт үйлдвэрийн түүх эхэлсэн төдийгүй уул уурхай дагасан, иж бүрэн дэд бүтэц бүхий Эрдэнэт хотыг цогцоор нь бүтээн босгосон нь уул уурхайн томоохон төслийн сонгодог загвар болсон юм.

     “Эрдэнэт” үйлдвэр нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1991 оны хэлэлцээрийн дагуу 51:49 хувийн эзэмшилтэй хамтарсан үйлдвэр, 2003 оны хэлэлцээрийн дагуу хязгаарлагдмал хариуцлагатай компани /ХХК/-ийн хэлбэрээр ажиллаж байгаад 2016 оны 6 дугаар сард ОХУ-ын “Ростех” корпораци өөрийн эзэмшлийн 49 хувийг худалдсанаар Монгол Улсын Засгийн газар 51 хувийг, “Монголиан коппер корпорейшн” ХХК 49 хувийг эзэмшиж байв.

     Монгол Улсын Засгийн газар 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр тогтоол гаргаж, “Эрдэнэт үйлдвэр”-ийг Төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчилж, дүрмийг баталлаа. Эрдэнэт үйлдвэр нь Улсын үйлдвэрийн газрын статустай болсонтой уялдуулж, Ерөнхий захирлын 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/552 дугаар тушаалаар үйлдвэрлэлийн удирдлага, менежментийн тогтолцоо, үйл ажиллагааны зарчим, хөгжлийн төлөвлөлтийг хамарсан урт хугацааны “Тогтвортой хөгжлийн бодлого”-ыг баталсан. Энэ хүрээнд Технологийн бодлого, Техникийн бодлого, Эдийн засаг, санхүү бүртгэлийн бодлого, Нийгмийн бодлого, Байгаль орчны бодлого гэсэн тэргүүлэх 5 чиглэлийн хүрээнд 25 зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

     “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ Финляндын “Оутокүмпү” (Outokumpu Oyj), Австралийн “Бейтмэн Инженеринг” (Bateman Engineering Ltd.), “Пэсифик Оур Техноложи” (Pacific Ore Technology Ltd.), Их Британийн “Брүк Хант” (Brook Hunt & Associates Ltd.), АНУ-ын “Фелпс Дож” (Phelps Dodge) корпораци, “Кей-Ди Инженеринг” (KDEngineering) компани, Өмнөд Солонгосын “Самсунг” (Samsung) корпораци зэрэг уул уурхай, өнгөт металлургийн салбарын манлайлагч нартай түншийн нягт холбоотой хамтран ажиллаж байна.

Холбоо барих

7577-3501, 7577-2109

Монгол Улс, Орхон аймаг Баян-Өндөр сум, Найрамдал талбай

info@erdenetmc.mn

https://erdenetmc.mn/

Фэйсбүүк

Алсын хараа:
     “ДЭЛХИЙН ЖИШИГ, МОНГОЛЫН БАХАРХАЛ”
     "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, жишиг болохуйц стандарт үйл ажиллагаатай, Монгол улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулдаг, үлгэр жишээ засаглал бүхий үйлдвэрийн газар байна.

Эрхэм зорилго:
     БИД, ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛ, ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ ЭРХЭМЛЭН ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙГ БҮТЭЭНЭ.
     Бид нийгэм, эдийн засаг, байгаль орчин гэсэн гурван тулгуурт үзэл баримтлалыг эрхэмлэж, ирээдүй хойч үеийнхээ хэрэгцээгээ хангах боломжийг хязгаарлахгүйгээр оролцогч талуудын, ялангуяа бүс нутгийн оршин суугч иргэдийн эрхийг дээдэлсэн, байгаль орчин, хүн амьтны бие махбодод хор хохиролгүй, мэдлэг, туршлагад тулгуурласан, хууль ёсонд нийцсэн, ил тод үйл ажиллагаа явуулж, хөгжлийн үр шимийг хүн бүхэнд хүргэнэ.

Үнэт зүйлс:
- Аюулгүй байдал ба эрүүл мэнд
     Бид ажилтан бүрийн аюулгүй байдлыг хангаж, эрүүл мэндийг эрхэмлэнэ.
- Ёс зүй, хариуцлага
     Бид бие биеэ хүндэтгэн, үнэнч шударга, хариуцлагатай, ёс зүйтэй ажиллана.
- Байгаль орчин
     Бид байгаль орчны тэнцвэрийг хадгалан, ногоон хөгжлийг дэмжинэ.
- Хамтын хүч
     Бид хамтын шийдвэр гаргаж, багийн гишүүн бүрийн оролцоотойгоор ажлыг үр бүтээлтэй, цаг хугацаанд нь гүйцэтгэнэ.
- Инноваци
     Бид шинэ санаачилгыг хөгжүүлж, шинэлэг арга барилаар үнэ цэнийг бий болгоно.