Монгол Улсын Засгийн газар стратегийн ач холбогдол бүхий орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэн, үр өгөөж бий болгох зорилготойгоор “Эрдэнэс Монгол” компанийг 2007 онд байгуулсан. Улмаар уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн өмчит компаниудаа нэгдлийн зарчмаар ажиллуулах, нэгдлийн бүрэлдэхүүн компаниудыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллах толгой компанийн эрх, үүргийг “Эрдэнэс Монгол” компанид хариуцуулах шийдвэрүүд гаргасан билээ. Ингэснээр Нэгдлийн компаниудын хоорондын үйл ажиллагааг уялдуулах, хамтын ажиллагааг сайжруулах, нэгдсэн стратегиар ажиллах, үйл ажиллагааны зардлыг бууруулах оновчтой шийдэл гаргах, шинэ төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлж шийдвэрлэх, хувьцаа эзэмшигчид өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх болон бусад асуудлыг шийдвэрлэхэд оролцох, шийдвэрлэх, дэмжлэг үзүүлэх зэргээр менежментийн үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчин бүрдсэн. Одоогийн байдлаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн “Зэс, металлын групп”, “Түлш, эрчим хүчний групп” болон “Дэд бүтэц, логистикийн групп”-ийн бүрэлдэхүүнд нийт 30 хуулийн этгээд буюу охин, хараат компани, харьяа үйлдвэрийн газар, 2 төслийн нэгж үйл ажиллагаа явуулж байна.