Монгол улсын хамгийн шилдэгт орох байгууллагуудын танилцуулга, мэдээллийг нэг дороос…

НИЙСЛЭЛИЙН БАГАХАНГАЙ ДҮҮРГИЙН СОЁЛЫН ОРДОН

Улаанбаатар хотын Багахангай хорооны Ардын Хурлын Гүйцэтгэх Захиргааны даргын 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 97/08 дугаар захирамжаар Багахангай хорооны Соёлын төвийн эрхлэгч Аюуш овогтой Тогмидыг 1 дүгээр гарын үсэг, АХГЗ-ны Санхүүгийн тасгийн дарга Цэгмэд овогтой Бадарчийг 2 дугаар гарын үсэг зурах эрхийг олгож, тамга тэмдэг хэрэглэх эрхийг нь зааж өгснөөр манай байгууллагын эх суурь тавигдсан түүхтэй.

 Улмаар  1997 онд Багахангай дүүргийн “Залуучуудын Соёлын төв” нэртэйгээр зохион байгуултанд орж, эрхлэгчээр нь ЗДТГазрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Цэрэндорж овогтой Дэнсмаа хавсран ажиллаж байжээ.

Дүүргийн Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар Жавсангийн Баярбаатар захирлаар томилогдон зохион байгуулагч, үйлчлэгч ба сахиул гэсэн орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байлаа.

            Соёлын төвийн захиралаар Пүрэвийн Нямжав 2006 оны 1 дүгээр сараас томилогдон ажиллаж Гэгээрлийн сайдын 100 дугаар тогтоолын дагуу Захирал, Арга зүйч, Дуу хөгжмийн багш, Бүжгийн багш, Номын санч бичиг хэргийн ажилтан, Нягтлан бодогч,  Касс нярав, Үйлчлэгч гэсэн 8 орон тоотойгоор Багахангай дүүргийн хүн амын дунд соёл урлаг, чөлөөт цагийн эрэлт хэрэгцээг хангах, тэдний хүсэл сонирхол насны онцлогт тохируулан соёл хүмүүжил олгох авьяас билгийг нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилго тавин үйл ажиллагаа явуулж иржээ.

Нийслэлийн Соёл Урлагийн Газрын даргын шийдвэрээр 2016 оны 12 дугаар сараас шинэ бүтэц, зохион байгуулалтаар 17 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Тус Соёлын ордон нь үзэгчдийн танхим, бүжгийн заал, хөгжмийн өрөө, ёс заншлын танхим, номын сан гэсэн хэсгээс бүрддэг ба нийт 250 хүний багтаамжтай.

 

  1. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР

Алсын хараа

 

Соёл урлагаар дамжуулан  дүүргийн иргэдэд Монголын соёл иргэншлийн дэвшилтэт ололт, үнэт зүйлийг уламжлал шинэчлэлийн ухаалаг зөв харилцаанд хадгалан хамгаалах, бататган хөгжүүлэх замаар үндэснийхээ соёл урлагийн бүтээлийг  эдийн засгийн эргэлтэнд оруулах, үндэсний бахархалыг төлөвшүүлнэ.

 

Соёлын ордны зорилго

            Соёлын ордны зорилго нь соёлын талаар төрөөс явуулж байгаа бодлого шийдвэрийг нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлэх, иргэдэд мэдлэг олгох, иргэний болон гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэх, тэдний соёл урлагийн эрэлт хэрэгцээг хангах, шинэлэг үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэнэ.

Соёлын ордны эрх

Соёл чөлөөт цагийн ажлыг зохион байгуулах, соёл урлагаар үйлчлэхэд олон нийт аж ахуйн нэгж байгууллага, иргэдтэй хамтран ажиллах, санал солилцох тэдгээрийн оролцоог уялдуулан зохицуулах

  • Байгууллага хамт олон, ардын авъяастнуудын бэлтгэсэн концерт, жүжгийг үзэх, хянах, ур чадвар, уран сайхны чанарт мэргэжлийн зөвлөгөө өгөх
  • Орон нутгийн байгууллага, хамт олон, ардын авъяастнуудыг дэмжих, тэргүүний ардын авъяастнуудыг шагнаж урамшуулах тухай тодорхойлолт гаргах, саналаа холбогдох байгууллагад өргөн мэдүүлэх
  • Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Нийслэлийн Соёл Урлагийн Газарт өөрийн үйл ажиллагааны талаар санал тавих
  • Холбогдох хууль тогтоомжийн дагуу хуулийн этгээдийн бусад эрхийг эдлэнэ.

Соёлын ордны үүрэг

 

  1. Соёл чөлөөт цагийн ажлыг хүн амын эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхол, насны онцлогт тохируулан оновчтой, олон арга хэлбэрээр зохион байгуулах
  2. Нутаг дэвсгэрийн хүн ам ялангуяа малчид, төмөр замчид, алслагдсан хороо зөрлөгийн иргэдийг соёл, төрөл бүрийн урлаг уран сайхны арга хэмжээ, үйлчилгээнд хамруулах соёл урлагийн үйлчилгээг нийтийн хүртээл болгох
  3. Хүн амын дунд зохиох соёл, чөлөөт цагийн ажлын төлөвлөгөөг холбогдох бусад байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх
  4. Ардын авъяастнуудын авъяасыг хөгжүүлэх, улс, хот, бүсийн уралдаан тэмцээнд авъяастнуудыг бэлтгэн оролцуулах
  5. Тухайн дүүргийн боловсролын байгууллагуудтай хамтран хүүхэд залуучуудад соёл урлагийн чиглэлээр дугуйлан, дамжаа, хамтлаг зохион байгуулан хичээллүүлэх
  6. Үндэсний уламжлалт ёс заншил, гэр бүлийн соёл хүмүүжлийн уламжлалыг дээдлэн үзэж, удам угсаагаа мэдэх, угийн бичиг хөтлүүлэх ажлыг нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах
  7. Жилийн ажлын тайлангаа иргэдэд болон Нийслэлийн Соёл Урлагийн Газар, Дүүргийн Засаг даргад тайлагнана. Үйл ажиллагаатайгаа холбогдсон мэдээ тайланг батлагдсан үзүүлэлтийн дагуу холбогдох дээд байгуулагад хагас бүтэн жилээр хүргүүлэх

Соёлын ордноос зохиох ажлын үндсэн чиглэл

            Соёлын ордон нь хүн амын боловсрол, мэргэжил, насны онцлогт тохируулах, оюуны хэрэгцээ сонирхлыг харгалзан дор дурдсан чиглэлийн ажлыг зохион байгуулна.

  • Уулзалт, үдэшлэг, өдөрлөг, урлагийн наадам, ярилцлага, ажил мэргэжлийн уралдаан, тэмцээн зохион байгуулах
  • Соёл, чөлөөт цагийн ажилд техник хэрэгсэлийг өргөн ашиглан, аман болон үзүүлэнт мэдээ мэдээлэл сурталчилгааг хийх
  • Төрөл бүрийн чиглэлээр болон урлаг уран сайхны дугуйлан хамтлаг хичээллүүлэх
  • Уран сайхны хамтлаг, чуулга, авъяастны хэсэг байгуулан ажиллуулах, урлагийн үзлэг ардын авъяастнуудын бага наадам театрчилсан тоглолт зохиох, концерт жүжиг найруулан тоглуулах
  • Хөдөөгийн хүн амд соёл урлаг, ахуйн иж бүрэн үйлчилгээ зохион байгуулах
  • Музей, орон нутаг судлах музей, ардын ёс заншлын танхим байгуулах
  • Түүх соёлын дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газраар танин мэдэхүйн аялал зугаалга болон биеийн тамир спортын байгууллагуудтай хамтран төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулах
  • Иргэдийг номтой нөхөрлүүлэх, мэдээлэл хүлээн авах боломжийг хангах, ном хэвлэл сурталчилах, дүрс бичлэгийн үйлчилгээ зохион байгуулах
  • Түүхт ой, тэмдэглэлт үйл явдал, ардын ёс заншил, зан үйл хүндэтгэлийг зохион байгуулах

 

  1. БҮТЭЦ БҮРЭЛДЭХҮҮН

А/, Дүүргийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 23 дугаар тушаалаар  Соёлын ордны захирлаар Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан Болдбаатарын Алтанцоож томилогдон өнөөдрийг хүртэл ажиллаж байна.

Соёлын менежер, зохион байгуулагчаар Түвшинжаргалын Нямдорж, Нягтлан бодогч Жанчивын Оюунчимэг, морин хуурын багш Азбилэгийн Алтанбат, бүжгийн багш Эрдэнэцогоогийн Хонгорзул, Үндэсний хөгжмийн багшаар МУСТА Лувсаночирын Энхтуяа, Дууны багш Очиржавын Түмэнхүү, Уртын дууны багш  Батзоригийн Пунсанлхагва, хөгжмийн багш Бавуудоржийн Өнөрбат, Номын санч Лхамжавын Цэцэгжаргал, Кино, техникийн ажилтан Ганхуягийн Отгонжаргал, Архив, бичиг хэргийн ажилтнаар Гантөмөрийн Мандхай, нярав, кассаар Бадамын Энхцэцэг, цахилгаанчин, сантехникч Цогточирын Өлзийтогтох, Тайзны ажилтан Төмөрбаатарын Баярбаатар, Үйлчлэгчээр Баатарын Болормаа, Цээдашийн Лхагвадагва нар ажиллаж байна.

Холбоо барих

МОНГОЛ УЛС, УЛААНБААТАР ХОТ, БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ, 1-Р ХОРОО, ТӨВ ТАЛБАЙН ХОЙНО БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ СОЁЛЫН ОРДОН

70491095

WWW.BKHSO.UB.GOV.MN

Фэйсбүүк